Нарансолонгын хувьд “Зүүд шиг хайр” киногоор уран бүтээлийн гараагаа эхлүүлж байсан. Өдгөө “Эмоци” гэх продакшн үүсгэн байгуулж, олон уран бүтээлд дүр бүтээж, олны хайр хүндэтгэлийг хүлээсэн чадварлаг жүжигчин юм.
Түүний амьдрал хүүхдийн ордонтой маш их холбоотой аж. Хүүхдийн ордны драмын дугуйланд наймдугаар ангиасаа аравдугаар анги төгстлөө Саранхүү багшийн удирдлагад суралцаж төгсжээ. Энэ дугуйланд суралцаж байхдаа л жүжигчин болно гэж шийдсэн, жүжигчин байхын зах зухаас нь мэдэрч, сургуулиа төгсөхдөө Соёл урлагийн их сургуульд орохоор бүрэн шийдсэн байсан тухайгаа ярьсан юм.
Тэрээр 17 настайдаа Биндэр найруулагчийн “Зүүд шиг хайр” кинонд тоглож, уран бүтээлийн гараагаа эхэлж байжээ. Мөн Х-Түц продакшны “Сэргээш-1,2,3”, “Миний хөрш чөтгөр” зэрэг олонд хүрсэн кинонуудад тоглосон. Мөн “Аянгын бороо”, “Хориотой жүжиг” гэж тухайн цаг үедээ дуулиан тарьж байсан жүжигт тоглож байсан.
Өрх тусгаарлаж, “Эмоци” продакшн байгуулаад “Гурван найз”, “Их хотын залуус”, “Фракц” зэрэг хийсэн бүтээл бүр нь үзэгчдэд маш сайхан эергээр хүрдэг байна. Тийм ч учир өөрийгөө “Уран бүтээлийн талд их аз, одтой юм байна” гэж боддог гэсэн юм.
Амьдралд гаргаж байгаа чухал шийдвэрүүдэд зүрх сэтгэлээ сонссон нь илүү зөв байдаг болов уу гэж боддог. Мэдээж бодох ухаан хэрэгтэй. Гэхдээ мэргэжил болон хүний хань гэдэг чиний амьдрал ямар байхыг шийдэх хамгийн гол шийдвэр. Миний бодлоор эмэгтэй хүн нөхрөө сонгохдоо чамайг инээлгэж чаддаг хүнийг л нөхрөөрөө сонгоорой.
Чамайг инээлгэж чаддаг гэдгийн цаана маш олон зүйл агуулагдаж байдаг. Учир нь чамайг жаргалтай байлгадаг, хамт байхад үргэлж инээлгэж байдаг. Чамайг инээлгэж чаддаг гэдэг үгний цаана миний хэлэх гээд байгаа бүх санаа багтсан.
Жүжигчин гэдэг их сайхан мэргэжил. Бүтээсэн дүрээсээ шалтгаалан хүмүүсийн хайр, хүндлэлийг хүлээдэг. Явсан газар бүрд хүн бүр таньж, хайрлаж, хүндэлж байдаг. Тэр бүхнийг дааж явна гэдэг нэг талаараа маш том хариуцлага. Олны танил хүмүүс олны дунд маш зөв үлгэр дуурайлалтай байх ёстой.
Үзэгчид хийсэн уран бүтээлээр нь харж, тэр хүнийг маш сайхнаар бодож, төсөөлж, харж байхад ёс зүйгүй байж болохгүй. Тиймээс бидэнд маш их хариуцлага ирдэг. Буруу гишгэж, буруу үг дугарч болохгүй. Амандаа орсон бүхнийг гаргаад байж болохгүй. Шүүж, тунгаах ёстой.
Дураараа, замбараагүй хаа явсан газраа бүдүүлэг зан гаргаад, наргиж цэнгээд байж болохгүй. Маш өндөр сахилга баттай байх ёстой. Яагаад гэвэл бидний бүх зүйл хүмүүсийн нүдэн дээр ил байдаг. Хүмүүс биднээс үлгэр дуурайлал авдаг учраас бид маш хариуцлагатай байх ёстой. Мэдээж уран бүтээлийн талаас шүүмжлэл байвал уран бүтээлч хүний хувьд сонсох ёстой. Дандаа магтуулна гэж байхгүй.
Би дандаа магтуулаад байвал байгаа газраа зогсоно. Өсөж, дэвшихгүй. Өөрийгөө “Би болчихлоо, болоод байгаа юм байна” гээд ханаад л, хөгжихөө болино. Тиймээс магтаал шүүмжлэл аль аль нь байх ёстой. Шүүмжлүүлж байж хүн өөрийнхөө алдаа, оноог олж харна. Би юунд алдаа гаргаж болохгүй, яах ёстой вэ гэдгээ мэдэж авна.
Тэгж байж урагшилна. Хүнд хор, шар төрнө. Дандаа шүүмжлүүлээд байж болохгүй. Хүн гэдэг сэтгэлийн амьтан. Байнга шүүмжлүүлээд байвал даахад хэцүү. Хүн л болсон хойно. Жүжигчин л болохоос бид адилхан л мах, цуснаас бүрдсэн хүн. Адилхан л зүрх сэтгэлтэй. Урмын сайхан үгс хүнийг сайхан сэргээнэ.
Урмын үгээр хөглөгдөж, эрч хүч авч, түүнээсээ урамшиж “Илүү цаашаа өөр зүйл хийх юм сан, өшөө гоё зүйл хийх юм сан” гэсэн хүсэл төрнө. Би уран бүтээлч хүнд шүүмжлэл, магтаал аль аль нь байх ёстой гэж боддог. Заавал байх ёстой.
Subscribe to Updates
Get the latest creative news from FooBar about art, design and business.
Previous ArticleДуучин Гантогоо: Уучлаарай жаахан хүү минь, хөөрхөн дүү минь