Дуучин Т.Аминатай уулзаж ярилцлаа. -Юуны өмнө уншигчдынхаа өмнөөс танд энэ өдрийн мэндийг хүргэе? -Баярлалаа. Ган замчиддаа энэ өдрийн мэндийг хүргэе.
-Амина тун завгүй хүн бололтой, олж уулзах гэж нэлээд юм боллоо шүү. Үргэлж ийм завгүй байдаг уу?
-Ер нь, сурахын хажуугаар ажилладаг болохоор миний цагийн хуваарь иймэрхүү л байдаг. Одоо бол сургуулиа төгсөх гээд нэлээд ачаалалтай байна. Хажуугаар нь, бас энд тэндхийн арга хэмжээнд оролцоно. Зав тун бага шүү.
-Багаасаа дуулдаг байсны хувьд мэдээж дуучин болох таны гол зорилго байсан байх. Яагаад замд нь төмөр замчин болчихов оо?
-(Инээгээд) Ерөнхийдөө гэр бүл нөлөөлсөн. Миний өвөө Гомбодорж гэж насаараа төмөр замд ажилласан "Хүндэт төмөр замчин" хүн байсан. Аав минь залуудаа төмөр замд ажиллаж байсан. Хоёрдугаарт, манай Зорчигч үйлчилгээний төв буудалд "Жигүүр" гээд амьд хөгжмийн хамтлаг байдгийг төмөр замчид маань мэдэх байх..
Энэ хамтлагтай бас нэгэн учрал тохиолоор хамтарч уран бүтээл хийх болсон. Олон түмний зүрх сэтгэлд шингэсэн хит дуунуудыг дуулдаг юм. Энэ хамтлагийн гоцлол дуучин нь. Тэгээд л төмөр замчин болсон доо.
-Та одоо мэргэжлийн дуучин болж байна. Тэгэхээр уран бүтээлийн замаа хөөгөөд явчих нь ээ гэж ойлголоо? -Тиймээ. Мэдээж, тэгэлгүй яахав. Энэ миний сонгосон мэргэжил. Гэхдээ хүмүүс намайг төмөр замчин гэдгийг мэддэг л дээ.
Ажлаа хийгээд сууж байхад "Хүүе Амина сууж байна ш дээ", "Нөгөө дуулдаг охин сууж байна ш дээ" гэж гайхдаг хүн цөөнгүй таарна. Ер нь, хүнд ажил алба, хариуцлага, нийгмийн оролцоо гэж зүйл бий.
Би дөнгөж аравдугаар ангиа төгсөөд оюутан болсон жилээсээ ажиллаж эхэлсэн. Төмөр замын байгууллага маш хариуцлагатай, хагас цэрэгжилттэй, хувь хүнээс өндөр хариуцлага, сахилга, дэг журам шаарддаг ажил шүү дээ.
Цаг барихаас өгсүүлээд, багаар ажиллах, ажлын ачааллыг даах чадвар, тэвчээр хатуужил шаарддаг.
Энэ бүхэн эргээд миний сурч, хөдөлмөрлөх, ачаалал даах чадварт бас их нөлөөлсөн гэж боддог. Жишээ нь, би өглөө таван цагт ажилдаа явна. 5.30 гэхэд ажил дээрээ ирчихсэн байна. Өдөр 14.00 цагт тараад хичээлдээ явна.
Хичээлээ тараад орой хоёр гурван газар амьд хөгжимтэй дуулна. Дөрөв таван жил л ийм цагийн хуваарьтай явж ирсэн. Зуны амралт болоод оюутнууд орон нутаг руугаа яваад амардаг бол миний хувьд ажлаа хийж л байдаг.
Ээлжийн амралтаа аваад одоо л нэг амаръя гэхээр хичээл эхлэх жишээтэй. Амралтын үе, чөлөөт цаг маш хомс. Гэхдээ миний хувьд цагаа зав зохицуулж, ажлаа хуваарилж сурсан даа. Дээрээс нь, хөдөлмөрийн, мөнгөний үнэ цэнийг мэдэж авсан.
Ер нь, хөдөлмөрлөснөөр хүн хүмүүждэг, төлөвшдөг юм болов уу гэж боддог. Төмөр зам маш том айл. Энэ том айлын нэг гишүүн нь болоод явж байгаадаа их бахархдаг.
Subscribe to Updates
Get the latest creative news from FooBar about art, design and business.
Т.Амина: Ажлаа хийгээд сууж байхад "Хүүе Амина байна ш дээ" гэж гайхах хүн цөөнгүй
Previous ArticleМисс Б.Бадамцэцэг: Би зөв аальгүй