Бүсгүй хүний уяхан хоолой бүлээн орчлонг бүтэн болгодог билээ. “Учрал холын чамтайгаа”, “Ижийдээ ирлээ”, “Дууланхан хүлээе”, “Хөөрхөн л юм чинь”, “Гомдох эрхгүй” зэрэг олон дуугаараа олны хайр, талархлыг хүлээж яваа уянгалаг хоолойтой үзэсгэлэнт дуучин бүсгүй бол СТА Б.Чанцалдулам. хөдөлмөрч, дайчин, өөртөө итгэлтэй, өөрийн гэсэн үзэл бодолтой уран бүтээлч бүсгүй ярилцлаганаас хүргэе
-Хүмүүс “Гомдох эрхгүй” дууг тань их сонсох дуртай байдаг юм байна лээ. Энэ дуугаа дуулах болсон түүхээсээ хуваалцаач?
-Хүмүүсийн ам дамжсан яриа байдаг даа. Үг хүчтэй гэдэг, дуулж байгаа дууныхаа үгийг бодож сонгох хэрэгтэй гэдэг шүү дээ. Манай хүн ч тэгж хэлдэг байсан. Гэхдээ би өөрөө дуулна гэж шийдсэн. Яагаад гэвэл амьдрал олон өнгөтэй. Өнгө бүрийг шингээж яруу найрагч, хөгжмийн зохиолчид мэдэрч дуугаа зохиодог. Дуучид дуулах л ёстой.
Нуу ц амрагийн тухай дуу дууллаа гээд нууц амрагтай гэсэн үг биш. Дуулсан дууг сонсогчид ямар ч цаг үед ямар ч сэтгэл зүйтэй сонсож болно шүү дээ. Гунигласан, догдолсон, дурласан, шаналсан сэтгэлийн бүхий л өнгийг илтгэсэн дуу төрж байж хүмүүний сэтгэл өөрөө хөглөгдөнө, тайтгарна, урамшина, сэргэнэ бас үл мэдэг гуниглана.
-Уран бүтээлч хүн ямар эрхэм чанартай байх ёстой гэж боддог вэ? -Уран бүтээлч хүн нэгдүгээрт тууштай, дайчин, хоёрдугаарт бүтээлч, эрэлч хайгуулч байх хэрэгтэй байх гэж боддог. Өөрөө ч тийм байхыг хичээдэг. Сайхан дуучин болно доо гэж боддог байсан хүмүүс амьдралын аливаа бэрхшээлд халшраад зорилгоосоо няцсан байгаа харагддаг.
Миний хувьд таван настай байхаасаа л дуучин болно гэсэн зорилгоосоо ухраагүй, урлагт хайртай, дуугүйгээр өөрийгөө төсөөлж чаддаггүй байсан минь л одоо болтол намайг урлагт хөтөлж яваа байх. Бас дээр нь ар гэрийн дэмжлэг маш их хэрэгтэй. Манай гэр бүл хоёулаа урлагийн хүн учраас ээж минь арын албыг маш сайн даадаг шүү.
-Олны нүдэн дээр байдаг хүмүүсийг шүүмжлэл тойрохгүй дайрч гардаг. Та хэр шүүмжлүүлж байсан бэ, шүүмжлэлийг хэрхэн хүлээж авдаг вэ? -Нэг их шүүмж сонсож байгаагүй. Дандаа хүмүүс сайн сайхан үгээр урамшуулдаг болохоор харин ч би баяртай байдаг. Тэр сайхан хүндлэл, магтаалд нь багтаж явахыг хичээдэг.
-Уучлаарай, та хоёрыг тусдаа амьдарч байгаа гэсэн сураг сонсоод тэрийг л асуух гээд тойроод байна л даа?
-Юу гэж дээ. Ам зөрөхгүй амьдрал гэж байхгүй шүү дээ. Ажлын шаардлагаар олны анхааралд байдаг учраас л хувийн амьдралыг хүмүүс дэлгэх гээд байдаг. Гэхдээ бид хоёр хувийн амьдралаа ярих дургүй. “Олгой хагаравч тогоон дотроо” гэж ардын мэргэн үг байдаг даа. Ер нь олны танил хүмүүсийг хоорондоо эвтэй байх орон зайг нь үлдээх хэрэгтэй. Бид хоёрт тийм зүйл байхгүй ээ.
-Урлагийн хүн тун завгүй байдаг. Завтай үедээ ээж хүн гэртээ нэг өдрийг хэрхэн өнгөрүүлдэг вэ?
-Урлагийн ажил бол тогтсон цаггүй. Хэзээ ч, хаашаа ч явж магадгүй. Гэртээ байгаа үедээ хүүтэйгээ байх дуртай. Өглөөд сургууль руу алхахдаа ярилцана, тараад алхахдаа өдөр юу болсон талаар нь асууна. Кофе шопт орж хүүтэйгээ ярилцана. Ер нь л их эрхэлж, ярилцах дуртай.
Хүү маань намайг эрхлүүлнэ. Цэцэрлэгээс эхлээд дуулаад байгаа. Урлагийн л хүн болох юм шиг байна. Бид хоёр одоохондоо сонирхолтой байгаа бүх дугуйлан, сургалтад хамруулж үзэж байгаа. Тэгээд өөрийгөө олох байлгүй дээ. Эмэгтэй хүн л юм чинь дээл хувцсаа өөрөө урлах дуртай.
-Та хувь хүн талаасаа ямар зан араншинтай хүн юм бол? -Би их эрх, уйламтхай, сэтгэл хөдлөлтэй болохоор амьдралд яана даа л гэж боддог байсан чинь цагаа тулахаар их л тэвчээртэй, чанга хүн юм байна лээ. Дараа нь л тэр үед тэвчиж гарсан минь зөв байж дээ гэж бодогдох ч үе бий шүү.
Subscribe to Updates
Get the latest creative news from FooBar about art, design and business.