Үүнийг л гайхамшиг гэхгүй юм бол өөр юуг гайхамшиг гэх юм бэ… Монголчууд, тэр дундаа спорт сонирхогчдын чихэнд хоногшсон энэ үг бидэнд нэг л хүнийг санагдуулдаг.
Сөөнгө хоолой, "танхай" атлаа уран үгтэй хөл бөмбөгийн Э.Балжиннямын тайлбарыг нэг сонссон хүн мартахгүй биз.
Спортдоо хайртай, түүнийхээ төлөө бүхнээ зориулдаг сайн тайлбарлагч, сайн фанат байсныг нь хөл бөмбөг сонирхогч, дэмжигчид хэлээд өгнө.
Сэлэнгэ аймгийн Сант сум, хуучнаар Цагаан толгойн сангийн аж ахуйд өссөн Орос хэлний багш Э.Балжиннямын мөр Монголын спортын түүхэд тодхон үлдэнэ.
Э.Балжинням нь 1968 оны долоодугаар сарын 2-нд мэндэлсэн. 1976-1986 оны хооронд дунд сургууль 1986-1992 оны хооронд Гадаад хэлний дээд сургуульд орос хэлний багшаар суралцан төгссөн.
Сэлэнгэ аймгийн Сант, Сайхан сум, Улаанбаатар хотын хүүхэд багачуудад орос хэл зааж байсан тэрээр 2006 оноос тайлбарлагчийн замналаа эхлүүлсэн.
2006-2010 оны хооронд TV9, 2010-2013 онд C1, 2013 оноос хойш SPS телевизэд хөтлөгч, тайлбарлагчаар ажиллахдаа нийт 2000 гаруй тоглолтыг шууд тайлбарлажээ. (Эх сурвалж: SPS) Хөл бөмбөг мэдэхгүй хүнд спортын сайхныг мэдрүүлж, энэ спортод дурлуулж чаддаг түүний авьяас билэг дахин давтагдашгүй байв.
Сэлэнгэ мөрний хөвөөнд өссөн ч Сэлэхийг нь бус орилохыг нь сурсан Э.Балжиннямын тайлбар сонсоход урамтай, чихэнд зөөлөн, ойлгомжтой байдаг.
Хэний ч сонсоогүй түүхийг хуучлан, дэргэд нь байсан мэт ярих түүний чадварыг гайхамшиг гэлтэй. Өөрөө ч бусдыг татаж, тайлбартаа оруулж, спортод дурлуулах гайхамшгийг бүтээсээр ирсэн.
Спортод хайртай бидний сэтгэлийг дэвэргэж, догдлуулж, хөгжөөж чаддаг “Балжаа ах”-ын тайлбарыг сонсож өссөн залуус нь өдгөө тайлбарлагч болжээ.
Түүнээс суралцах түмэн зүйлс шинэ тайлбарлагчдад бий. Эрээн асрын өмнө зодог шуудаг өмсөж Эртэй бяртай бөхчүүдтэй хүч үзэж яваагүй ч
Үеийн хэдэн нөхөдтэй шороон талбайд бужигнаж Өвдөг тохой хоёроо шалбалж явсан удаатай Э.Балжиннямын үгс мөнхөрч, үйлс нь дурсагдана.
Subscribe to Updates
Get the latest creative news from FooBar about art, design and business.
Next Article Д.Энхбаяр: Би хүнээс МӨНГӨ зээлж байгаагүй