Хүмүүс түүнийг “морины” Батбаяр л гэх. Уг нь Гэнэнгийн Батбаяр л даа. “Гал шарын унага”, ‘Түрүү магнай”, “Буурал духт хүрэн”, “Хардэл бэйсийн унага”, “Тэсийн голын унага” гээд хурдан буяны тухай 70 гаруй дууг амьдруулчихсан хүн ийм нэр авахаас ч яахав.
Батбаярын дууг сонсоход адууны хөлс тагнайд амтагдах шиг, дуулж байгааг нь харахад самсаа нь сарталзан давхиж яваа морь шиг санагддаг. Увс аймгийн Малчин сум гэхээр уран торгон барилдаанаараа бөхийн хорхойтнуудын сэтгэлийн хужирхайг тэнийлгэдэг ах дүү улсын заан Ө.Тулгаа, улсын начин Ө.Сумьяа нар санаанд орох нь бий.
Тэгвэл Монгол Улсын гавьяат жүжигчин, дуучин Г.Батбаяр ч энэ л нутгийнх. Баянхайрхан уулынхаа хормойд эхээс мэндэлж, халтар чулуу, алаг цэцгэн дунд нь унаж, босч өссөн тэрбээр хүүхэд ахуй насаа ийн дурсах. Тэрээр "-Би сэхээтний гэр бүлд төрж өссөн л дөө. Аав минь химийн багш, харин ээж цэцэрлэгт ажилладаг байлаа.
Эхээс зургуулаа. Хоёр эгчтэй, би банди нарын том нь болохоор гэрийнхээ хатуу, хэцүү ажлын ихэнхийг нугална. Сумын төв дээр малтай айл цөөнгүй. Манайх ч гэсэн хэдэн хонь, ямаатай.
Би гэрийнхээ унинаас нэгийг нь суга татан авч морь болгож уначихаад хониныхоо хойноос тоос татуулан гарч өгдөг байлаа. Тэгж явахдаа дуугүй байна гэж заяа нь байхгүй. Хашгирч, исгэрч, гуугалаад л.
-Намайг багад манай сумынхан Баарай гэж хочилдог байв. Би их томоотой хүүхэд байлаа гэж яривал ёстой түүн шиг худлаа юм гэж үгүй.
Сахилгагүй гэж тамтаггүй. Хүүхэд зодно, хашаа давна, тэвэг өшиглөнө. Айлуудын гаднаа, эсвэл утасны шон дээр хийсэн гэрлийн шилийг тэсгээхгүй. Чавхаар харвана. Баавгайтай чихэрт нь болж цэцэрлэгт явна. Сургуульд орсон хойноо дургүй хүргээд байгаа хүүхдийн толгойг үхрийн хөлдүү аргалаар хага цохичихдог байлаа.
Хүүхдүүд “Хогийн Баарай алах нь” гээд л цүнхээрээ толгойгоо халхалчихаад зугтчихдаг сан. Аав минь багш болохоор чихийг нь мөн ч их халууцуулсан даа. Заримдаа ч хамраа тэгширтэл гөвшүүлнэ.
Манай сумынхан “Энэ Гэнэнгийн Баарай хүн болохгүй, хогийн юм болно доо” гэж ярьдаг байсан гээд бод доо. Хичээлд суух тун дургүй. Болж л өгвөл явахгүй байхыг хичээнэ. Сургууль руу аав, ээжээрээ үүрүүлж явна. Эсвэл чарган дээр суучихаад чирүүлнэ. Үүрэхгүй бол буцаад зугтчихна. Яагаад Баарай гэж нэр авсан юм гэж үү.
Манай нутагт дээр үед Баарай гэж үргэлж хүнд тус болж явдаг хүн байсан юм гэнэ лээ. Би хэдийгээр сахилгагүй, танхай ч гэлээ хүнд тусархуу хүүхэд байлаа. Энд нэг айлынхан модоо хөрөөдөж байвал элбэлцээд л, тэнд нэг хүн мал гаргаж байвал хэзээний л гүйгээд оччихсон хойно өмнө нь гарч туслаад л.
Хонинд яваад ирэхдээ айлуудын алдчихаад эрэл сурал болж байсан малыг олоод туугаад ирнэ. Сумын төвийн айлуудын бүх малыг би зүсээр нь танина. Хөгшчүүл “Манай Баарай ч малд нүдтэй сайн хүү” гэж ирээд л магтахад нь их урам орно.
Үүнээс үүдээд л Баарай гэж тэр хүнд тусархуу хүний нэрээр намайг хочилдог болчихсон хэрэг" гэжээ.
Subscribe to Updates
Get the latest creative news from FooBar about art, design and business.
Дуучин Г.Батбаяр: Манай сумынхан "намайг хүн болохгүй, хогийн юм болно доо” гэж ярьдаг байсан
Previous ArticleӨнөөдөр жилд ганц тохиолдох ХИЙМОРИЙН БУУЛТТАЙ өдөр